Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк-ийг 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улс ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV Улс төрийн зөвлөлдөх уулзалт, анхдугаар Стратегийн яриа хэлэлцээг энэ өдөр зохион байгуулсанд баяртай байгаагаа цохон тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050,” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.