Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

67

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид  оролцлоо.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10,11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр болсон юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морьт харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.

“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубын тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах  нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

https://ulaanbaatar.mn/news/17188

хариулах

Please enter your comment!
Please enter your name here