Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.