Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.
Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, “…музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх” талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун нар мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 9 хөлт их цагаан тугийг музейд зална
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Чингис хаан” хаад язгууртны музейг богино хугацаанд барьж байгуулан үүд хаалгаа нээх гэж байна.
Маргааш 11.00 цагт буюу морин цагт “Чингис хаан” хаад язгууртны музейн нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн. Нээлт нь Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жил буюу тэгш ойн жилтэй давхцаж байна. Маргаашийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Төрийн есөн хөлт, цагаан тугийг музейд залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Эзэн чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулж Чингис хааны иш хөргийг дээдлэн залах зарлиг гаргасан. Зарлиг улсын хэмжээнд сайн хэрэгжиж байна.
Чингис хааны түүх бол Монголын төдийгүй дэлхийн түүхийн томоохон хэсэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын талаар монголчуудын тогтоож байсан “Монголчуудын амар амгалан”-гийн талаар ихээхэн бичиж, судалж байгаа энэ цаг дор Чингис хааныхаа, хаад язгууртнуудынхаа музейг нээж олон түмэнд соёлын томоохон үзвэр нээж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.
Чингис хаан болон Монголын хаад язгууртнуудын түүхийг гэрчлэх музей нээгдэж байгаа нь сурталчлах, аялал жуулчлалыг татах, соён гэгээрлийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ гэж үзэж байгаа.
Соёлын дэд сайд М.Батбаяр: Музейн барилгыг ковидын цаг үед манай улсын мэргэжилтнүүд, Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан
Музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлох, үзэл баримтлалын дагуу үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж зохион байгуулах гэсэн ажил хийгдэж дууссан. Нөгөө талаас музейн боловсон хүчнийг бүрдүүлэх, сан хөмрөгийг баяжуулах ажлууд үргэлжилж байна.
Музейн хамгийн гол онцлог бол Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд 20-р зууны эхэн хүртэлх Чингис хааны угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээж авчирсан тухай түүхийг бүрэн цогцоор нь харуулсан музей болсон. Музейд 11 мянга гаруй үзмэр, дурсгал тавигдаж байгаа. Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны болон их, дээд сургуулийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын 8 хувь нь дэлгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, музей хангалттай үзмэртэй, бүх цаг үеийн түүхийг, тэр дундаа язгууртнуудын түүхийг харуулсан дурсгал тавигдсан. 11 мянга дурсгал нь нийт үзмэр дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа. 93 хувь нь жинхэнэ үзмэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10323 нь эх үзмэр, 637 буюу 5.2 хувь нь сэргээж босгосон үзмэр, дурсгал. Гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбогдох зайлшгүй шаардлагатай дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хуулбарлан авсан. Сүүлийн үед Ази тивд хэд хэдэн музей шинээр нээгдсэн. Тэдгээр музейн жинхэнэ үзмэр манай музейтэй харьцуулахад бага байгаа.
“Чингис хаан” хаад язгууртны музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно.