Өнөөдөр /2022.10.13/-нд “Өргөө амаржих газар”-ын удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, МЭМА-ны ҮЭ-ийн холбооноос хөндөж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Шаардлага” хүргүүллээ.
МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буяжаргал:
“Өргөө амаржих газар”-ын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байгаа олон эмч, ажилтнууд ажлын байрны дарамтад өртөж байгаагийн улмаас ажиллах сонирхолгүй болж, ажлаасаа олноор гарч байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Бид тус байгууллагын удирдлага Ж.Энхцэцэгийн ёс зүй, харьцаа хандлагын талаар ЭМЯ-ны ёс зүйн Хяналтын хорооны 2022.09.09-ний өдрийн 22/75 албан тоот, ЭМЯ-ны “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын 2022.08.11-ний өдрийн 8/3620 тоот хяналт шалгалтын дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдад танилцуулсан.
Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд хяналт шалгалтын дүгнэлтийн дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж.Энхцэцэгт хариуцлага тооцоогүй. Иймд Эрүүл мэндийн Сайд С.Энхболдыг ажлаас нь чөлөөлж холбогдох арга хэмжээг авч өгөхийг Засгийн Газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна” гэлээ.