Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрүүдэд ажиллалаа.
“Цалуут импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1,000 бог, 250 бод төхөөрч, ангилан боловсруулах хүчин чадалтай. Хоногт 60 тн мах гүн хөлдөөж, 500 тн мах хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тн мах дулааны аргаар боловсруулах цехтэй.
Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөж байна.
Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй гэж “Цалуут импекс ХХК-ийн удирдлагууд үзэж байна.
Хүнсний тухай хуулийн “импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсэж байна.
Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ.
Ирэх таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.
Иймээс төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.