Арабын Бүгд найрамдах Египет улсын Шарм Эль Шейх хотноо болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
-Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй бөгөөд харин ч улам идэвхтэй ажиллах явдал чухал байна.
-НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.
-Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна.
-Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг бөгөөд манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнхи нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог.Монгол улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.
– Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхээр зорьж байна. Өдгөө Монгол улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
– Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдсэн. -Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.
-Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна. Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе!