Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага” сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал Төрийн ордонд болж байна.
Тус хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон Эм Зүйн салбарын ахмадууд, тус салбарт ажиллаж буй 800 орчим эмийн мэргэжилтэн оролцож байна.
Энэхүү их хурлаар салбарын тулгамдсан асуудлууд тэр дундаа үндэсний эмийн үйлдвэрийг бодитойгоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах тал дээр төрөөс бодлогоор дэмжихийн зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулан мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хөшүүргийг бий болгох талаар санал оруулах юм.
Ташрамд дурдахад Монголын Эм Зүйн байгууллага сүүлийн жилд хөгжлийнхөө 100 жилийн түүхэнд урьд өмнө байгаагүй хөгжлийн түүхийг бүтээж байна. Үүний тод жишээ нь анх удаа үндэсний таван эмийн үйлдвэр болох Монос групп, Мөнхийн Тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий тарилгын шингэний үйлдвэр ашиглалтанд оруулж, дуслын шингэний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн тариур болон дуслын системийн үйлдвэрийг хамтран ашиглалтанд оруулж, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Мөн Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан 9 эмийн үйлдвэртэй болсон байна.