“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав.
Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ТӨЛӨӨХ
ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ БАЙГУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Токио хот
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.
Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт
Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид “Талууд” гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв.
Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”-ийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:
- Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
- Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
- Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
- Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
- Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.
Монгол, Японы харилцааны хэтийн төлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв.
Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.
Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.