Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаар тогтнолын дархлаа гэдгийг онцолж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны оролцогчдод баяр хүргэв.
Үндэсний бичиг үсгийн хэрэглээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө эх хэл, бичиг үсгийн бодлогыг онцгойлон анхаарч, үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, заан сургах, түгээн дэлгэрүүлэх аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.