Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх хоёрдугаар сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-4 °С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.