Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.
Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ.
Мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад байна.
Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК-д ажиллалаа.
Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй.
Одоогоор 4,200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ.
Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн.
Цаашид “Үдийн цай” хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтой юм байна.