Хаягдал цаас дахин боловсруулах анхны үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангахыг зорьж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ЭкоПак Монгол” ХХК-ийн цаас дахин боловсруулах үйлдвэрт ажиллав.
Тус компани нь 100 гаруй ажилтантай бөгөөд 2010 онд дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Тэгвэл 2022 онд Монголын анхны цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг нээсэн байна.
Цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг хоногт 30 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай.
Харин үндсэн үйлдвэр нь жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг байсныг орлож чадсанаар хоногт 70-80 мянган ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэж байгаа юм.