Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд боомтын шинэ цогцолбор, Ложистикийн төвд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллалаа.
“Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.
Замын-Үүд дэх Ложистикийн төв 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Ложистикийн төвд ажиллалаа.
Тус төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж, 2018 онд ашиглалтад орсон юм.
Ложистикийн төв нь жилд дунджаар хоёр сая тонн ачаа нэвтрүүлж байсан бөгөөд 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлж, ачаа тээвэр нэмэгдсэн.
Мөн ложистикийн төв жилд 100 мянга гаруй чингэлэг нэвтрүүлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж байв.
Тухайлбал, тус төв нь 2021 онд нийт 100 мянга орчим чингэлэг тээвэрлэсний 80 мянга нь транзит чингэлэг, 20 мянга нь импортын чингэлэг байсан байна. Харин 2022 онд нийтдээ 130 мянган чингэлэг тээвэрлэж, үүний 75 мянгыг импортын чингэлэг болгон нэмэгдүүлж ажиллажээ.
Мөн 2022 онд Монгол, Хятадын худалдааны эргэлт 13.6 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Замын-Үүд боомт дахь Ложистикийн төвтэй адил хүчин чадал бүхий ложистикийн төвүүдийг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нэн түрүүнд барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэв.
БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монголын тал өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч, түргэн, шуурхай ажиллах хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.