Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын тэргүүн нарын яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд 2021 онд хөгжүүлэхээр тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газар, ард түмэн Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монгол Улсыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид Монгол Улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Монголын тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад энэхүү томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив. Солонгосын тал дагуул хот байгуулах монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.
Ерөнхий сайд Хан Дог Сү “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Пусан хот өрсөлдөж буйг онцлоод энэхүү сонгуульд Монгол Улс Пусан хотыг дэмжихийг хүсэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Пусан хот сонгогдох тохиолдолд БНСУ-ын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, Монгол Улс Пусан хотыг дэмжихээ илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд талууд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”, “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Mонгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр“, Монгол Улсын Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийг тус тус байгууллаа.