Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг чуулганд оролцсон юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд чуулганы эхэнд танилцууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжуудыг нь бүрдүүлээд урьж ирүүлэх нь чухал. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрбээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж буйгаа илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна.
Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ.
Улсынхаа нийслэлд хүн амын хэт бөөгнөрөл бий болсон нь эрх зүйн талаасаа Үндсэн хуулийн зарим зүйл, заалтаас шууд хамаарч байгаа аж. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ, Монгол Улс нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн байдаг нь төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах боломжийг хааж байгаа учир үүнийг засахын төлөө Засгийн газар иргэдээсээ дэмжлэг авч, манлайлж ажиллана гэлээ.
Үүнээс гадна дэд сайд нар, Ховд, Сүхбаатар, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгийн Засаг дарга нар салбар хуралдаануудад оролцсоноос гадна чуулганы үеэр 21 аймаг иргэдийг нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулсан нээлттэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлогоо олон нийтэд танилцуулж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Хөдөөгийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжих нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой төдийгүй хөгжлийн хурдасгуур гэж дүгнэж болохыг хэлэлцүүлэгт оролцож санал, бодлоо илэрхийлсэн хүмүүс хэлж байв.