УИХ-ын хаврын чуулган маргааш/2023.03.15/ эхэлнэ. Энэ чуулганаар 10 багц хуулийг хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцолжээ.
Тухайлбал, эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглал-улс төрийн гэсэн 3 ерөнхий ангилал дор 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Аж үйлдвэрлэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон асуудлууд хүлээгдэж байна.
Уг асуудлаараа УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монгол Улсад авлига албан тушаалын хэргүүд шийдэгдэх, цаашилбал баялгийн сан, төрийн өмч, өмчлөлийн асуудлууд, эдийн засагт түлхэц өгөх үйлдвэржилт, экспортыг нэмэгдүүлэх бодлого зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлогын багц хуулиуд батлагдсанаар монгол хүний амьдралын чанар сайжирч, өрсөлдөх чадамж эрс дээшилнэ гэсэн хүлээлт бий. Энэ 10 багц хуулийн шинэчлэл Монгол Улсын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэх эрх зүйн орчин болох төдийгүй, гажуудлаа засаж, урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавина гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.