Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин.
-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна. Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна. Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий. Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.