Харин Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн бараг бүх дүгнэлтийг буруу гэж үзээд “Петрочайна дачин тамсаг” компани Матад сумтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг даалгажээ. Гэвч компани Хяналтын шатны шүүх хүртэл заргалдаад байна.
Тус компаний газрын тос олборлолтод өртөж гүний усаа шавхуулж, хөрс шороогоо сүйтгүүлж байгаа Дорнод аймгийн Матад сумынхан 2020 онд” Петрочайна дачин тамсаг “-тай байгаль хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих” гэрээ хийсэн байна. Энэ гэрээг уул уурхайн компани болгон орон нутагтай хийдэг . Зүүн аймгуудад олборлолт хийж буй томоохон компаниуд тухайн суманд дунджаар жилд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг жишигтэй.
2020 онд анх удаа гэрээ хийхдээ “Петрочайна дачин тамсаг” ХХК Матад суманд 2018, 2019 онд 250 сая төгрөг, 2020 онд 450,000 ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд 50,000 долларыг эс тооцвол гэрээнд заасан үүргээ “Петрочайна дачин тамсаг” компани биелүүлээгүй учраас Матад сум шүүхэд хандаж,тус компаниас 2,6 тэрбумыг нэхэмжилжээ . Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Петрочайна дачин тамсаг “ ХХК-ийн талд шийдвэр гаргасан ч тус шийдвэрийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүх буруу гэж үзсэн байна.
Гэвч “Петрочайна дачин тамсаг “ ХХК хяналтын шатны шүүхэд хандаад байна.“Петрочайна дачин тамсаг “ компани Монгол улсын ихэнхи татвараас чөлөөлөгдөөд зогсохгүй маш их хэмжээний татварын хөнгөлөлт эдэлсэн. Химийн бодисын эмх замбараагүй хэрэглээ, байгаль орчны сөрөг нөлөөлөл, гүний усыг асар хямдхан ашиглаж байгаа… гээд орон нутгийн иргэдийн амьдрах орчинд муугаар нөлөөлөх маш олон асуудал тус компанид бий. Газрын тосноос Монгол улсад орж байгаа ашиг ч дэндүү чамлалтай. Бүр сүүлдээ олборлолт явуулж буй орон нутагтайгаа хүртэл шүүхдэх болжээ. Тэд сумтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээ “сумтай сайн дурын үндсэн дээр байгуулсан бэлэглэлийн гэрээ учир биелүүлэх албагүй, ковидоос шалтгаалж хөрөнгө оруулалт саатсан, гэрээний амлалтаа нотариатаар гэрчлүүлээгүй учраас шаардах эрх үүсэхгүй, орон нутаг мөнгө шаардах эрхгүй….” гэх мэтээр тайлбарлаж байгаа аж.
Алтыг нь аваад авдрыг нь гэгчээр хамаг баялгийг нь цөлмөж байгаа атлаа сум орон нутгийг ингэж дорд үздэг компани бас байдаг аа!!!
Сэтгүүлч Б.Отгон 2023.03.15