МАН 70 жил ямар нам байсан тэр л хэвээрээ Ардчиллын 33 жилийг туулж байна. Хүмүүс нь солигдохоос хувсгалч үзэл санаа нь хөдлөшгүй хэвээрээ…
Большевикуудын (олонхи) гол дайсан хувийн хэвшил байсан нь тэр л янзаараа… Өөрсдөө ч өөрлөгдөж шинэчлэгдсэнгүй, дайснаа ч сольсонгүй. Хуучин хураана, нийгэмчилнэ гэдэг байсан нэр томъёо нь орчин цагт хуульчилна, хориглоно болж л өөрчлөгджээ. Өчигдөр биднийг өдөр тутмын сенсациндаа бялуурч байх зуур Боловсролын ерөнхий хууль Байнгын хороогоор хэлэлцэгдэж дуусчээ. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэн батлах аж.
Тэдэнд боловсролтой иргэн хэрэггүй, боловсролгүй сонгогч л хэрэгтэй. Хамгийн аймшигтай харгислал нь хувийн сургуулиудыг арчиж хаях зорилготой “3.18” гэх заалтыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам тэргүүтэй Д.Тунгалаг дагалдагчтай лобби бүлгийнхэн зүтгүүлж байгаа аж.
Яг л коммунистууд шиг амьдралдаа арчаатай арай илүү амьдарч байгаа нэгнийгээ “Хөрөнгөтөн, нударган, дамын наймаачин” хэмээн цоллож байгаад хөрөнгийг нь хураагаад цөлчихдөг шиг хувийн сургуулиудыг хуулиар хавчиж, хааж боох бодлогыг Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Тунгалаг нар хэрэгжүүлэхээр улайрч, улайсч байна.
Ц.Мөнхцэцэгийг орчин цагийн боловсролтой улстөрч гарч ирлээ хэмээн итгэл найдвар хүлээлгэж байсан ч ердийн л нэг коммунист байж. Ч.Ундрамын хувьд ч ялгаагүй. Гэр бүлийн тогтворгүй байдал, үр хүүхдэдээ гаргасан үйлдлийг нь нийгмээрээ жигшиж зэвүүцэж байхад үл тоосон шинжтэй үр хүүхдүүдийн минь боловсролын асуудлыг шийдэж сууна. Ардын намын удирдлагууд гэж ямар ч лойцон хүмүүс байдаг юм бэ. Ч.Ундрамаас өөр энэ хуулийг бариад авчих улстөрч байдаггүй бололтой. Энэ янзаараа 2024 онд Ч.Ундрам МАН-аасаа дахин нэр дэвшиж түмний зэвүүцлийг хүргэх нь.
Сүүлийн долоон жил хэрэгжүүлсэн МАН-ын бодлого хувийн хэвшлийг сектор сектороор нь нурааж, хурааж хааж боож байгаад эцэст нь хувийн өмчгүй зөвлөлт маягийн социализм байгуулах бололтой. Тиймдээ тулбал Монголын ард түмэн зүгээр хараад суухгүй байх. Эрх чөлөөний амтыг нэгэнт мэдэрсэн ард түмнийг тийм ч амар коммунизмын гав дөнгөндөө буцаагаад хийж чадахгүй байх. Өчигдөр тэд үйлдвэр уурхайнуудыг хураасан, өнөөдөр хувийн сургуулиудыг нийгэмчлэх гэж улайрч байна, маргааш орон гэрийг чинь, хувийн гэсэн болгоныг нийгэмчилэх болно. Большевикуудтай бодитойгоор тэмцэх цаг болжээ…