Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Хэрлэн голын хайрганы карьерт ажиллажээ.
1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.
Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрэв. Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар боллоо.
Монгол орны зүүн бүсийн амин судас болсон Хэрлэн гол минь мөнхөд мэлтэлзэн урсах болтугай…