“УНШДАГ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ” АЯНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ 5 ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН НОМООР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.
Өмнөговь аймгийн Засаг даргын санаачилгаар “Нутгийн хишиг”, “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг номтой нөхөрлүүлэх, хүүхдэд ном унших дадал хэвшлийг бага наснаас хэвшүүлэх зорилгоор “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын аяныг 2022-2023 оны хичээлийн турш хэрэгжүүлэн ажиллаж, аяны үр дүнгээ тайлагналаа.
“Уншдаг хүүхэд хөгждөг” аянд аймгийн 22 сургууль, 31 цэцэрлэг идэвхтэй хамрагдаж, сургуулийн анги бүлэг бүр хичээл эхлэхийн өмнөх 15 минутад ном уншлагыг хэвшүүлж, цэцэрлэгүүд “Би би” номын сангаа өргөжүүлэн хүүхдийг номтой нөхөрлүүлэх төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээг санаачлан хэрэгжүүлснээ бүтээлийн үзэсгэлэн, илтгэл, жүжигчилсэн тоглолтоор тайлагнан үзүүллээ.
“Уншдаг хүүхэд хөгждөг” аяны шалгаруулалтаар
1-р байранд Даланзадгад сумын 5 дугаар сургууль, Даланзадгад сумын 2 дугаар цэцэрлэг
2-р байранд Даланзадгад сумын 4 дүгээр сургууль, Цогтцэций сумын 30 дугаар цэцэрлэг
3-р байранд Даланзадгад сумын 3 дугаар сургууль, Цогт-Овоо сумын 12 дугаар цэцэрлэг
Тусгай байранд Ханбогд сумын 1 дүгээр сургууль, Номгон сумын сургууль, Даланзадгад сумын 4 дүгээр цэцэрлэг, Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгүүд тус тус шалгарч 5,0 сая-1,0 сая төгрөгийн шилдэг бестселлер номнуудаар шагнуулж, номын сандаа баяжилт хийлээ.
Мөн “Уншдаг хүүхэд хөгждөг” аянд анги хамт олноороо идэвхтэй оролцсон “Шилдэг уншигч анги”-иар Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Д.Ундармаа багштай 7в ангийн хамт олон шалгарч “Буянт хотхон хүүхдийн зуслан”-д АНГИАРАА АМРАХ эрхийн бичгээр, хамгийн олон номыг тэмдэглэл хөтлөн бүтээлчээр уншсан 10 сурагчийг “Шилдэг уншигч хүүхэд”-ээр шалгаруулж “Буянт хотхон хүүхдийн зуслан”-д амрах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшууллаа.
Номын уншлагын аянд идэвхтэй оролцсон боловсролын байгууллагын удирдлагууд, багш эцэг эхчүүд, нийт уншигч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Улам ихийг уншаарай
Уншдаг хүүхэд л хөгждөг