Банкнаас орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн 1 хувийн шимтгэлийг банк авдаг. Энэ нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Иргэний тухай хууль зэргийг тус тус зөрчиж байна гэж үзэн ШӨХТГ-аас шүүхэд хандсан.
Харин шүүхээс ШӨХТГ-ын талд шийдвэр гаргаж, банкууд иргэдийн зээлийн нэг хувийн шитмгэл авах ёсгүй гэж үзжээ.
Энэ талаар өмгөөлөгч Б.Батхүү:
-Зээлдэгчид өнгөрсөн хугацаанд авсан 1 хувийн шимтгэлээ буцаан олгох ёстой, цаашид шимтгэл авахдаа үндэслэлийг тусгах ёстой гэж шүүх шийдсэн. Гэхдээ Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх нь банкуудад нээлттэй бий. Хувь өмгөөлөгчийн хувьд хэлэхэд, өмнө нь Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд нэг хувийн шимтгэл нь хууль бус гээд тогтоочихсон тул энэхүү маргааныг гурав дахь удаагаа авч хэлэлцэх үү гэдгийг бүгдээрээ харъя.
Энэ бол зөвхөн ипотекийн зээлтэй холбоотой шалгалтын дүн юм. Банкууд тэтгэврийн зээл, цалингийн зээл, орлого барьцаалсан зээл гэж бий, тэдгээрт шалгалт явуулах шаардлага бий. Шимтгэл авч болно, гэхдээ тэр нь гарч байгаа зардалдаа нийцэж байх ёстой. Маргаан хараахан эцэслэгдээгүй ч иргэдээс хууль бусаар авсан нэг хувийн шимтгэлийг буцаан олгох хүртэл явах болно, гэжээ.