“Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

60

Монголбанкнаас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд Монголбанкны зүгээс энэ төрлийн үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа, хамтын ажиллагаа, хийж гүйцэтгэсэн ажил, одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулж, оролцогч талуудыг мэдээллээр хангав.

Монголбанкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо  хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байна.

Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов.  

Тиймээс уулзалтын төгсгөлд өнөөгийн тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нааштайгаар шийдвэрлэх ямар гарц, боломж байгааг талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан судалж тодорхойлох, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтов.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here