УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудалд анхаарч ажиллахыг шаардан, мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд автозамын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, гэр орондоо угаартаж байна, гэр орондоо болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна, хүүхдийг худалдаалах, наймааны хэрэг хүртэл бүртгэгдэж байна. Өчигдөр мэдээлснээр 20 гаруй хүний наймааны хэрэг бүртгэгдсэнээс 8 нь насанд хүрээгүй хүүхэд байна гэж байна.
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил эрэн сурвалжлагдаж байгаа, ямар нэг сураг гараагүй 20 шахам хүүхэд байна гэж байна. Монгол даяар айдас, эмгэнэл төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг томчууд, ялангуяа төр засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй.
Хүүхэд хамгаалах тухай хууль чинь хүүхдийг эрсдэлд орчинд тодорхойлж, хүүхдийг сургуулийн, гэр бүлийн орчинд эцэг эхийн үүрэг юу гэхээс эхлээд төрийн боловсролын байгууллагуудын эрх үүргийг тодорхой заасан. энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэл, аймаг, дүүргүүдийн камержуулалт, сургуулийн орчны камержуулалт…
Өч, төчнөөн мөнгө төгрөгөөр хийгдсэн энэ хуулиуд яагаад хэрэгжихгүй байгаа юм? Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй.
Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцод 1990 онд элссэн, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль баталсан, 2016 онд энэ хуулийг шинэчилж баталсан. Монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахины өмнө болон монгол иргэдийнхээ өмнө хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан байгаа. Гэвч энэ үүргээ бид маш муу хэрэгжүүлж байна, холбогдох байгууллагууд.
Эрсэлд байдлын дүн шинжилгээ хийгдэж байгаа юм алга байна. Хүүхдийн үндсэн эрх болох амьд байх, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхүүд хангагдаж байна уу? Энэ эрхүүд зөрчигдөж байгаа талаар маш олон баримтууд дурдагдаж байна. Тиймээс манай УИХ-ын гишүүд үүнд онцгой анхаарах хэрэгтэй байна!
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-аас эхлээд Засгийн газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яам тамгын газар, орон нутгийн захиргааны байгууллагууд, Монгол Улсын иргэн ААН, байгууллага, гэр бүл бүрийн эрхэм үүрэг гэж үзэж, хэрэгжүүлэх ёстой.