Сэтгүүлч Б.Отгон: Хавдрын эмнэлэг барих төсөв байхгүй ч өөрсдөдөө зориулсан төсөв хэдэн зуун тэрбум

154

УИХ-ын гишүүд өөрсдийнхөө суух сандал, хуралдах танхимыг 3 тэрбумаар засаж, түүндээ 19 тэрбумаар шинэ тоног төхөөрөмж худалдаж авна. 76 гишүүн өөрсдөө хувааж авах бэлэн мөнгөө хүртэл улсын төсөвт суулгажээ.

Гэтэл улс нь хорт хавдраар дэлхийд тэргүүлж, социализмын үед барьсан улсын хэмжээний ганц хавдрын эмнэлэгтээ багтахаа больж, шугам сүлжээ нь хагарч, зэвэнд идэгдсэнээс шинэ техник төхөөрөмж суурилуулах ямар ч боломжгүй болчихоод байхад Хавдрын шинэ эмнэлэг барих мөнгийг нь улсын төсвөөс хасчээ.

Тэд өөрсдөө хамрын ханиад хүрэхэд л гадаадад эмчлүүлдэг учир Монголд хавдрын эмнэлэг ямар байх нь тэдэнд огт хамаагүй. Уг нь тэд Монгол Улсын нийт эрх ашгийн төлөө тангараг өргөсөн хүмүүс.

2024 онд өөрсдөдөө болон сонгуульд зориулсан мөнгөний зах зухаас нь дурдвал:

  • УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмж 19 тэрбум
  • УИХ-ын хуралдааны танхимын засвар тохижилт 3 тэрбум
  • Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт олгох татаас 3 тэрбум
  • УИХ-ын гишүүний төсөв 30,9 тэрбум
  • УИХ-ын сонгууль 39,5 тэрбум
  • Орон нутгийн сонгууль 32,6 тэрбум
  • УИХ-д суудалтай намуудад олгох урамшуулал 7,2 тэрбум
  • Багийн ИНХ-ын даргын урамшуулал 9.2 тэрбум
  • Иргэний үнэмлэх хэвлэж тараах 31.2 тэрбум
  • Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх 2 тэрбум
  • Мэдээлэл сурталчилгааны зардал 10.1 тэрбум
  • Үндэсний олон нийтийн мэдээллийн үйл ажиллагааг дэмжих 5,8 тэрбум
  • Төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр нь шагнаж урамшуулах 1,2 тэрбум
  • Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд 25.3 тэрбум

Сонгуулийн тархи угаалт болоод өөрсдийнхөө сандал ширээнд хэдэн тэрбумаар нь зарцуулсан төсвөө эргүүлэн татаж, эмнэлгийн оочир дараалал хүлээсээр хорт хавдраа хүндрүүлж, өдөрт 10-20-оороо нас барж байгаа хүмүүст ядаж эмнэлэг барих төсвийг суулгаасай.

Эрүүл саруул Б.Жавхлан сайдын суух сандал, өвдсөн иргэний эмчлүүлэх эмнэлэгийн аль нь чухал вэ гэдгийг бодох л асуудал болоод байна!

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

хариулах

Please enter your comment!
Please enter your name here