Хамт ажиллаж байсан дүү саяхан тааралдлаа. Уг нь Дорнодынх л доо. Эхнэрийнхээ ах дүүсийг бараадаж , хотоос Дарханд шилжиж очоод 3 жил болж байгаа гэнэ. Дархандаа дасаж идээшиж байна уу? гэтэл – Юун Улаанбаатар. Ёстой амар амгалан чинь тэнд байна.Манайх бүрмөсөн Дарханы айл болсон. Хоёулаа тэнд ажилд орсон. Ипотекийн зээлээр шинэ байр авсан.Байр хямдхан.
Улаанбаатар шиг нэг дороо бөөгнөрч биш тарж байршсан учир бөглөрөл, түгжрэл, бухимдал байхгүй. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэхэд 5 хан минут явна. Сургууль, цэцэрлэг олдохгүйн зовлонгүй. Дээрээс нь сургалт сайтай. Утаа байхгүй, агаар нь цэвэр. Хүнс нь эрүүл, сонголт сайтай. Сэлэнгээс шинэ мах, сүү, цагаан идээ ирнэ. Өөрсдөө ч үйлдвэртэй. Оросоос зарим хүнсээ авна. Хүмүүс нь найрсаг соёлтой, амгалан тайван. Улаанбаатарт утаа, түгжрэл нэмэгдээд улам л хэцуү болоод байх шиг. Хотод хэд хоноход л өмнө нь яаж болж байсан юм бол? Гэж бодогдох юм. Дархан үнэхээр сайхан. Бидэн шиг олон жаахан хүүхэдтэй, залуу гэр бүл ёстой нэг зөв газраа очлоо. Ямар азаар Дархан руу нүүсэн юм… гэж ярив. Нээрээ л Дархан бол газар зүйн байршил, дэд бүтцийн хөгжил, амьдрахад аятай нөхцлөөрөө хамгийн сайхан хот л доо.
Эхнээсээ Дархан хотыг төлөвлөхдөө дэд бүтцийн хүчин чадал буюу цахилгаан, дулаан, цэвэр ус, зам харилцааг нь маш томоор буюу холыг харж төлөвлөсөн. Одоо байгаа 100 гаруй мянган хүн амаа хоёр дахин нэмсэн ч дэд бүтэц нь хүрэлцээтэй. Эхнээсээ хот гэдэг статусаа хадгалж , орон сууцжуулах бодлого барьснаас сүүлийн 10 жил төвдөө гэр хороололыг тэлээгүй. 2022 онд 21 аймгаас хамгийн их барилга, орон сууц баригдсан аймгаар Дархан-Уул аймаг нэрлэгдэж байсан.
“Нээлттэй Дархан” хөтөлбөр хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд 6000 гаруй иргэн Дархан хотод шилжин суурьшсан статистик мэдээлэл байна. Хүүхдүүдийн боловсролын хувьд Дархан хэзээний алдартай л даа. Нэг хэсэг улсын Мэдээлэл зүйн олимпиадад Дарханы сурагчид үнэхээр тасархай байсан. Одоо тэд ихэнхи нь дэлхийн хэмжээний том IT компаниудад ажилладаг болсон дуулдсан. Жил бүрийн ЭЕШ-ийн оноогоор ч Дарханы сурагчид дандаа л дээгүүр бичигддэг дээ. “Найрамдалын Дархан” нэртэй анх байгуулагдсан цагаасаа Монгол орны өнцөг булан бүрээс залуус цуглаж, шинэ хот байгуулж, шинэ соёл тогтсон Дархан үнэхээр сайхан хот шүү. Дарханыхан харин давуу талуудаа өөрсдөө мэддэг болов уу? Хүн өөрт ойрхон байгаа зүйлийнхээ сайн сайханыг олж харахаа больчихдог учраас “Дэргэдийн бурхан үнэгүй “ гэдэг үг гарсан биз. Дарханд шинээр нүүж очсон дүүд бол шагшин магтмаар сайхан хот гэсэнтэй би лав санал нэг байна. Харин Дарханыхан өөрсдийгөө юу гэж дүгнэдэг юм бол?