АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭГЧИД

169

“Аюулт нөхцөл байдлаас хүний амийг аварч бусдад их тус хүргэдэг гэдэг утгаараа гал сөнөөгчдийн 80 хувь нь өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг” гэсэн дүгнэлтийг Чикагогийн их сургуулиас хийсэн нийгмийн суурь судалгаа харуулжээ. Олонх нь бухимдалд автсан энэ нийгэмд аз жаргалаар бялхаж гэр бүлээрээ бусдад аж жаргал бэлэглэдэг гэх бахархалтайгаар амьдрах нь юутай сайхан бэ.

Ажилдаа гарцаагүй сэтгэл хангалуун нь илэрхий, гал сөнөөгч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах X ангийн салаан захирагчийн туслах ахлах ахлагч Д.Ганзоригтой ярилцлаа.

Түүний яриа бүхэлдээ өөдрөг үзэл, бахархал омогшлоор бялхаж байсан нь ажлаасаа халшрах, хойш суух хам шинжид өртсөн сэтгүүлч надад ч урам зориг, аз жаргалтайгаар ажиллаж чадах итгэлийг өгсөн юм.

-Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Аав маань Архангай аймгийн харьяат. Гэхдээ Дарханд ирж суурьшсан учраас дунд сургуулиа би Дарханд төгссөн. Сургуулиа төгсөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн алба хаасан. Тэр үед манай хоёр ах Дархан-Уул аймгийн гал унтраах 22 дугаар ангид ажилладаг байлаа. Том ах жолоочоор, харин яг миний дээд талын ах гал сөнөөгч. Бас нэг найз маань ч тус 22 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилладаг байсан юм. Намайг цэргээс халагдахад буюу 2002 онд Дарханаас Улаанбаатарт шилжин ирж Чингэлтэй дүүргийн Гал унтраах одоо миний ажиллаж байгаа энэ ангид гал сөнөөгчөөр ирсэн байлаа. Би ч цэргээс халагдаад хотод ирж, найзтайгаа уулзахаар ажил дээр нь их очино. Тэр үед хонх дуугараад найз маань галын дуудлагаар явна.

Дуут дохиогоо хангинуулсан улаан машинд суугаад гарахад нь их бахархдаг байв. Тэгж яваад л энд ажилд орсон доо. Бараг 20 жил яг энэ ангидаа бууриа сахиж, тогтвор суурьшилтай ажиллажээ.Quote

-Эхнэрийг маань Ц.Өсөхжаргал гэдэг. “Өргөө” амаржих газар эх баригчаар ажилладаг. Хотод гал сөнөөгчийн ажилд ороод ээлжийн амралтаараа Дарханд гэртээ харих үедээ анх танилцсан. Эхнэр маань Увсынх, тухайн үед Дарханы анагаахын сургуулийн оюутан байв. Сургуулиа төгсөхөд нь Улаанбаатарт суурьшиж гал голомтоо бадраасан даа. Эхнэр хорвоод мэндэлж байгаа нялх үрсийг эх барьж, би хүний амь нас, эд хөрөнгө авардаг буянтай сайхан мэргэжилтэй. Гэр бүлээрээ айл гэрт аз жаргал бэлэглэдэг гэдэгтээ маш их бахархаж явдаг. Манайх 14,9, 5 насны гурван хүүхэдтэй. Байгууллага маань ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулсан. Манайх хамрагдаж орон сууцтай болоод дөрвөн жил өнгөрчээ.

-Анхны галын дуудлага, Баянбүрдийн гэр хороололд айлын байшин шатаж байхад очиж байв. Шинэ гал сөнөөгчийн хувьд их сүрдмээр юм билээ. Гэхдээ дадлага сургуулилт, ах нарын заавар, багийнхантайгаа хамтран амжилттай унтраасан. Тэр үеэс хойш 2000 гаруй дуудлагад гарч 1000 орчим хүнийг утаажилтын бүсээс гаргажээ. 2012 онд Баянгол дүүргийн арктай шар байрны узелийн өрөөнд шөнийн цагаар амарч байхдаа угаартаж ухаан алдсан сантехникийн ажилтны амийг аварсан юм. Тухайн үед хаалга нь цоожтой, жижигхэн салхивчаар нь амьсгалын бие даасан төхөөрөмжтэй орсон.

Тэгээд “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнуулж байлаа. Ер нь хүмүүсээс баярлалаа гэдэг үгийг их сонсдог. “Хурдан ирж амь нас эд хөрөнгийг минь хамгаалж өгсөн” гээд утсаар, бичгээр байгууллагад маань талархал их ирүүлдэг. Quote

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах X ангийн хувьд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 50-70 хувьд явдаг онцлогтой. Зөвхөн Чингэлтэй гэхгүй III, IV хороолол, Гэмтлийн эмнэлэг, Зурагтаас гадна бүх дүүрэгт хүч нэмж нэмэлтээр гарна. Манай анги гал унтраах, аврах гурван тасагтай. Миний хувьд хоёрдугаар тасгийг удирдан авч гардаг. Манай тасаг даргаас гадна, жолооч, дөрвөн гал сөнөөгч, холбоочин гээд зургуул.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here