25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Түмэн тэмээний баярт оролцож байгаа Мал эмнэлгийн ухааны доктор, малын эмч Эрдэнэбилэг тэмээний ашиг тусын талаар дараах мэдээллийг өглөө.
Ер нь Монгол улсын тэмээ 890 орчим мянган толгой болж өсөж байсан. Зах зээлийн шуурганд нэрвэгдэж тэмээн сүргийн ашиг шим багасаад, маханд хэрэглэсээр байтал 250 мянга хүртэл хорогдсон. Харин сүүлийн жилүүдэд тэмээний ноос, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, зах зээлийн үнэлэмж сайжирсантай холбоотойгоор тогтвортой өсөж, энэ жил бол Өмнөговь аймаг 16 түмэн тэмээнийхээ баярыг хийж байна. Тэмээний гол ашиг шим бол ноосон ашиг шим. Тэмээнээс 5 кг ноосыг ашиглах боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд торомны, ингэн тэмээний ноосыг самнаж бэлтгээд, маш нарийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Ноос биш ноолуур нь чанартай. Тиймээс том том бренд бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Мөн сүүн ашиг шим.
Дэлхий даяар ингэний сүүний талаар сурталчилгаа, мэдээлэл сайн явдаг. Гэвч Монголд хараахан тийм биш байна. Манайд ингэний сүүний сүлжээ үүсгэж байж хөгжүүлэхгүй бол говийн нэг малчин сүүгээ хүргэнэ гэхээр тийм ч амар биш. Мөн ЕБС-ийн үдийн цайны багцад ингэний сүүг оруулж өгвөл хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байхаас гаднын малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ч тустай гэж бодож байна.