Гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, ХУД-ийн ЭМТ-тэй хамтарч ажиллахаар боллоо

122

Энэ хүрээнд тус дүүргийн иргэдэд үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар эмнэлгийн удирдлагууд төлөвлөсөн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар өнөөдөр дүүргийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу ХУД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллуулахаар боллоо.

Хамтын ажиллагааны дагуу тус дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгаас “Гавал тархины гэмтэлтэй өвчтөнг үзэж, оношлох” сургалтыг энэ өдөр зохион байгуулсан юм.

ГССҮТ-өөс орон нутаг төдийгүй нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар, хүртээмжтэй үзүүлэх, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга туршлагыг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал төвлөрлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажил болж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here