Эрүүл мэндийн салбарт материаллаг нөөцөөс илүү чухал орлуулашгүй нөөц байдаг нь хүний нөөц бөгөөд 2023 онд Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэхэд онцгой анхаарсан жил болж өнгөрснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 12-нд болсон Архангай аймгийн Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний үеэр тэмдэглэн хэлсэн.
Тэрбээр уг зөвлөгөөнд оролцсон Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, аймаг, сумдын удирдах ажилтнуудад зориулан тавьсан “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” илтгэлдээ Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмсэн.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих бодлогын хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдад олгох орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг өсгөж, суманд 40, аймагт 20 хувиар тооцож олгож эхэлсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон гуравдугаар сараас олгож буйг танилцуулсан.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн ажилтныг дэмжих хүний нөөцийн бодлогын хүрээнд 2023 онд нийт 100 сувилагч, 100 эх баригч, хөдөөгийн 84 багийн бага эмчийг БНСУ, БНХАУ-д гадаад сургалтад хамруулсан.
С.Чинзориг сайд багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар сард 5 литр шатахуун авдаг байсныг 6 дахин нэмэгдүүлж, хоёр жил тутамд дулаан хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэснээс гадна тогтвор суурьшилтай тасралтгүй 3 ба түнээс дээш жил ажиллаж буй багийн эмчид Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан. Мөн бүх багийн эмч нарыг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий богцоор хангаж байгаа гээд “Багийн эмч шинээр бэлтгэх үйл ажиллагаа нэлээд доголдсоныг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран засч залруулах алхмуудыг хийж эхлээд байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай хоёр сайдын хамтарсан тушаал гаргахад бэлэн болоод байна. Түүнчлэн сувилагчаас эмч, бакалавр зэрэгтэй иргэнээс эм зүйчийг богино хугацааны сургалтаар бэлдэж байгаа гажуудлыг залруулах арга хэмжээ авна.
Хөдөө, орон нутагт эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах хөшүүргийг сайжруулах зорилгоор мэргэжлийн зэрэг олгох, сунгахдаа сум, багт ажилласан жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулж байгаа. Мөн 30-аас дээш жил ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахдаа багц цаг шаардахгүйгээр ажлын тайланг үндэслэн сунгадаг зохицуулалтад өөрчлөлт оруулж, сум, багт ажилласан нэг жилийг 1.5 жилтэй дүйцүүлэх шийдвэр гарахаар төлөвлөж байна.
Эмч, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэх зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтийн 86 хувийг нийслэлд хуваарилж байсныг өөрчилж, 50 хувийг орон нутагт олгох тухай УИХ-ын тогтоол батлуулсан.
Мөн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон Улаанбаатар хотоос шилжсэн төрийн албан хаагчдыг 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж, түүнчлэн суманд инженерийн хийцтэй, цэвэр, бохир усны дэд бүтэцтэй амины орон сууц барихад ипотекийн зээлд хамруулдаг боллоо. Цаашид төрийн албан хаагчдын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн ажилчдыг орон сууцаар хангах бодлогыг Засгийн газраас тууштай хэрэгжүүлнэ” гэхчилэн ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулсан.
Түүнчлэн С.Чинзориг сайд илтгэлээрээ эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой авсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгсөн.
Архангай аймгийн эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнд оролцогчдод Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан.
Тус аймагт дундаж наслалт 73,3 байгаа нь улсын дунджаас даруй 2 орчмоор илүү үзүүлэлт юм. 2023 онд нийт 103170 халдварт бус өвчлөл бүртгэгдсэний 55 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, бусад нь сум, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүн амын дундах халдварт бус өвчлөл өмнөх онтой харьцуулахад 16875 тохиолдлоор өссөн бол халдварт өвчнийх 4943-аар буурчээ. Аймгийн нийт хүн амын дунд зохилон тохиолдож буй өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хамгийн өндөр хувьтай нь амьсгалын тогтолцооны өвчин орж байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин мөн өндөр хувьтай гарч, шээс бэлгэсийн тогтолцооны болон зүрх, судасны өвчлөл түгээмэл тохиолдож байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт хүн амын 38,5 хувь нь хамрагдсан. 2023 онд “Эрүүл шүд-Архангай” хөтөлбөрийн хүрээнд Ихтамир, Чулуут, Төвшрүүлэх, Хайрхан суманд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет байгуулан шүдний нарийн мэргжлийн эмчээр ханган ажилласан. Цахир, Хангай, Эрдэнэмандал суманд шүдний эмч нарын явуулын тусламж үйлчилгээг зохион байгуулж, 1788 хүүхдийг үзлэгт хамруулснаас гадна Тариат сум хүүхдийн шүдний цоорлыг 85 хувь хүртэл бууруулсан зэрэг мэдээллийг өглөө.
Зөвлөгөөнд оролцогчдод ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний үдээс хойшхи хуралдаан ЭМЯ, ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар үргэлжилж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар, И-Монгол” академийн мэргэжилтнүүд “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.