Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.
Наадмын хүрээнд дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх багуудын тэмцээн, эмнэг тэмээний туйлаан болон сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах тэмцээн зэрэг тэмээний өв соёл болон тэмээний спортын чиглэлээр олон төрлийн тэмцээн, уралдаануудыг зохион байгуулна.
Мөн тэмээний ахуй соёл, уламжлалт мэдлэгийг түгээх зорилго бүхий өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн, тэмээний сүү, цагаан идээ, ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, олон нийтэд нээлттэйгээр хүргэх юм.















