Нийслэлийн болон 9 дүүргийн татварын газрын дарга нар оны эхний өдрүүдэд Дубай руу аялахаар явсан талаар бид мэдээлсэн. Оны өмнө хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дарамталж, дансыг нь хааж, сүрдүүлж ажилласан тэднийг хэн урамшуулж, шагнав гэдэг анхаарал татсан сэдэв хэвээр байна.
Уг асуудлаар Татварын Ерөнхий Газрын дарга Б.Цогтнарангаас тодрууллаа.
Тэрээр,
-Нийслэлийн татварын газрын дарга над дээр ирж “Нийслэлээс зохион байгуулж байгаа гэдэг мэдээлэлээр Дубай руу аялалд явах” талаар танилцуулсан. Миний бие ТЕГ-ын даргын хувьд “явуулахгүй” гэж үүрэг болгосон. Ингээд “Дубай явахгүй” гэдэг байдлаар чиглэлээ өгөөд гарсан.
Гэвч өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу явсан гэдэг мэдээллийг би авсан.
Одоогоор явсан хүмүүс Монголд ирээгүй байна. Бид дотоод хяналт, шалгалтыг хийсэн. ТЕГ-ын даргаас албан ёсны чөлөө, зөвшөөрлөө аваагүй, амралтын мэдэгдлээ зуруулаагүй, урьдчилж анхааруулсан анхааруулгыг үл тоон явсан нь тогтоогдоод байна.
Нийслэлийн Төрийн сангийнхан хамт яваа гэх мэдээлэл бий?
-Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийнхэн явсан эсэхийг би мэдэхгүй байна. Энэ талаар Нийслэл, Дүүргийн ЗДТГ-аас тодруулах шаардлагатай.
Эдгээр хүмүүс энэ амралтын өдрүүдэд ирнэ гэсэн мэдээлэл бий. Тэр үед нь Төрийн албаны хуульд заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллана. Төрийн албаны тухай хууль, захирах, захирагдах ёс болон холбогдох хууль тогтоомжуудыг санаатайгаар зөрчсөн, ажил тасалсан үндэслэлтэй.
Төрийн алба хаагчид оны төгсгөлд урамшуулла авдаг. Энэ урамшууллаа зарцуулж аялсан байж болох уу?
-Төрийн алба хаагчдад оны төгсгөлд цалингийн тодорхой хувиар л жигд урамшуулал олгодог. Гэхдээ аяллын зардлыг ТЕГ-аас огт гаргаагүй.















