КОВИД ба БАЙГАЛЬ

15
КОВИД ба БАЙГАЛЬ
Цар тахлын хөл хорионы үеэр хүн төрөлхтөн хохирогч байсан бол бусад нь буюу байгаль, дэлхийн амьтай бүхэн амарч, сэргэх таатай боломж олдсон юм. Тэгвэл яг ямар өөрчлөлт гарсныг сонирхоно уу.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 27 хувийг БНХАУ бүрдүүлдэг бөгөөд аж үйлдвэрлэлийн хөгжил нь уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлдэг. Тус улсад хөл хорио тогтоосон эхний сард хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 1\4-ээр буурсныг тогтоосон.
Италид хөл хорио тогтоосноор Венецийн сувгийн ус сүүлийн 60 жилд анх удаа тунгалагшиж, бохирдлын хэмжээ нь огцом буурчээ. Ингэснээр усны ёроол дахь ургамал, загас жараахай нь хүртэл харагдах болсно байна.
Сүүлийн 10 жилийн турш үзэгдээгүй цэлмэг хөх тэнгэрийг Дели хотын оршин суугчид Ковидын “ач” гэж тодорхойлжээ. Энэтхэгээс гадна агаарын бохирдлоор дээгүүрт жагсдаг Хятад, АНУ, Итали зэрэг томоохон улс орны бохирдол илт буурсныг хиймэл дагуулаас авсан зураг батлав.
Эверест рүү хийх авиралтыг зогсоосноор Гималайн нуруу хогноосоо түр атугай ангижирчээ. Хөл хорио тогтоохоос өмнө буюу уулчид, аялагчдын Эверестэд хаясан хогийг цэвэрлэхэд 10 тоннд хүрдэг байна.
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй озоны давхарга хүний буруутай үйл ажиллагаанаас болж өдөр өдрөөр нимгэрч байсан бол дэлхийн нийт хүн амын 1/3 нь хөл хорионд орсноор Өмнөд туйлын дээрх озоны цоорхой бүрэн нөхөгдсөнийг тогтоосон.
Дэлхий даяар дунджаар 11-19 мянган онгоц, 500 мянган хүн агаарт байнга байдаг гэсэн тооцоо бий. Харин одоо энэ тоо 70 хувиар буурчээ. Монгол Улсын хувьд гэхэд л 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2020 онд 440 мянга болж буурсан. Ингэснээр нүүрсхүчлийн хийн хаягдлын 2-3 хувийг ялгаруулдаг иргэний агаарын тээврийн салбар хямралд орсон бол хүлэмжийн хий багасахад эергээр нөлөөлжээ.
Цар тахалтай холбоотой далай тэнгисийн аялал бүрэн зогссон. Энэ нь цаад утгаараа далай тэнгис түр ч атугай амсхийж, нөхөн сэргэх таатай боломж байв. Жишээ нь, 3000-4000 хүн тээдэг аварга хөлгүүд долоо хоногт 500 тн бохир усыг далайд асгадгаас асар олон тооны загас, ургамал үхдэг байна. Тэрчлэн хөлөг онгоцны хөдөлгүүрийн нүсэр дуу чимээнээс далай тэнгисийн амьтад үргэн дайжиж, үхэж үрэгддэг.
Дэлхий даяар хортой хог хаягдлын хэмжээ багассаны сацуу дуу чимээ 30 хувиар буурсан гэдгийг эрдэмтэд баталлаа. Ганцхан жишээ, газар хөдлөлийг судалдаг эрдэмтдэд тун аятай боломж хөл хорионы үеэр олдсон байна. Метро, төмөр зам, үйлдвэр уурхайнуудын их чимээ нь газар хөдлөлтийн бичлэг хийхэд саад учруулдаг бол тэр үеэр хийсэн бичлэгүүд маш цэвэрхэн, шуугиангүй болж, далайн ёроол дахь чимээ хүртэл сонсогдох болсон байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here