Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.05.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлт, тулгамдаж буй асуудлууд, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын сайдын өмнөх шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварыг холбогдох газар хэлтсүүд, төслийн нэгжүүд, харьяа байгууллагууд 90 хувьтай биелүүлж, хэрэгжилтийг ханган ажилласан байна. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
“Үндэсний Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэв.
“Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэв.
Шинэ Хархорум хотын эхний ээлжийн төв талбайн тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх ЗГ-ын тогтоолын төслийг бэлтгэж ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэв.
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцад хяналт шинжилгээ хийлээ.
Ногоон нуур-1008 айлын орон сууц барих төслийн дулааны техникийн нөхцөлийг Эрчим Хүчний яаманд хүргүүлэв.
Батлагдсан зураг төслийг давтан хэрэглэх болон нэг маягийн зураг төслийг холболт хийх журмын төслийг боловсруулав.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж буй зураг төслүүдийг хянаж ажиллав.
Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар импортын болон дотоодын үйлдвэрлэлийн арматурын чанарт хяналт шалгалт хийж, холбогдох санал дүгнэлтийг гарган ажиллаж байна.
Улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй нийт 446 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ногоон нуур-1008 айлын орон сууц барих төслийн барилгын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
5002 айлын “Солонго 1, 2 хорооллын 35 блокын суурийн давхарын ажил явагдаж байна. Барилгын ажлын явц 10 хувьтай явагдаж байна.
Ирэх 14 хоногт яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах ажлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
Барилга байгууламжийн норм нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвллөгөөг яаралтай батлуулах;
Польш Улсын хөрөнгөөр аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд хийгдэж буй Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн гэрээг дүгнэж, шийдвэрлэх.
“Солонго 1, 2” орон сууцны хорооллын төслийн барилгын ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулж, орц гарцыг хааж газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх;
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хугацаа хоцроохгүй явуулж, тус байгууламжид ажиллах боловсон хүчнүүдийг сургаж дадлагажуулах;
5002 айлын “Солонго 1, 2” орон сууцны хороолол барих төслийн барилгын ажлын явцтай танилцах;
Ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжид тавих хяналтыг эрчимжүүлж, технологийн зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллах.