Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа

93

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтарсан эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа.

Гурван талт хэлэлцээрийн гэрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, МХХЭМБНХ-ны ерөнхийлөгч Ш.Зоригоо нар өнөөдөр /2024-05-30/ гарын үсэг зурж баталгаажуулав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн хуулийн дагуу ЭМЯ, салбарын үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага гурван талт хамтын хэлэлцээр байгуулж, гурван жилийн хугацаатай төлөвлөгөө гаргаж ажилладгийг дурдаад талууд 2022-2024 хэрэгжүүлсэн 8 бүлэг, 86 заалттай хамтын хэлэлцээрээ дүгнэж,  гэрээг 93 хувийн биелэлттэй байна гэж үзсэнийг хэллээ.
Тэрбээр “2024-2026 онд хэрэгжүүлэх гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулж, энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлийн 7 бүлэг, 85 заалт бүхий гэрээг хэрэгжүүлэхэд  Засгийн газар, Эрүүл мэндийн яам томоохон  үүрэг хүлээлээ” гэсэн юм.

Мөн энэ удаагийн хэлэлцээрийн гол заалтад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн хамгаалал, цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарсныг онцолсон.  
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны гурван талт хамтын хэлэлцээрийн  бүрэн хэрэгжээгүй заалтуудыг 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа энэхүү гурван талт хэлэлцээрт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 60 мянга гаруй хүний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан тухай хэлсэн. Тэрбээр, “Уг хэлэлцээрээс улбаалж тухайн эмнэлэг өөрсдийн онцлог, санхүүгийн хүчин чадал, хүний нөөцөөс хамаарч байгууллагад мөрдөх хамтын гэрээг байгуулах бөгөөд хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад өнгөрсөн оны бага үнэлгээтэй байгаа заалтуудад ач холбогдол өгч хүн бүрт үр шимийг нь хүртээх тал дээр гурван талаас дэмжлэг үзүүлж ажиллахыг зорьж байгаагаа тэмдэглэв.
Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс салбарын цалин хөлс буурахаас сэргийлж, нэмэгдүүлэх тал дээр ач холбогдол өгч, тулгамдсан асуудлаа шийдвэрлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд сүүлийн дөрвөн жил иж бүрэн нормын хувцсаар хангах асуудлыг ярьж байгаа бөгөөд 2024-2026 онд хэрэгжих гурван талт хамтын хэлэлцээрт уг асуудлаа тусгасан талаар танилцуулсан.


Эрүүл мэндийн салбарын гурван талт хамтын хэлэлцээрийг 2010 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байгааг Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа хэлсэн үгэндээ онцлоод эрүүл мэндийн салбар бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын цалин гурван сая төгрөгт хүрсэн бөгөөд улсын эмнэлгийн хувьд хараахан хүрээгүй байгаа ч боломжит байдлаар эмч, мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар талуудын төлөөлөл ярьж байлаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here