Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Сенатын даргыг хүлээн авч уулзлаа

76

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлис-ийн Сенатын дарга Танзила Нарбаева-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо.

Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олий Мажлис-ийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээлээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажлис нь 65 гишүүн бүхий Сенатын дээд танхим, 150 гишүүнтэй Хууль тогтоох доод танхимаас бүрддэг. Тус улсын 25 нас хүрсэн иргэн эдгээр танхимын гишүүнээр сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here