“Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 MВт-аар өргөтгөх” төслийн ээлжит цахим хуралдаан боллоо. Уг хурлаас “ДБЭХС” ТӨХК болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн байна.
1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрсэн байдаг. Харин өнгөрсөн одн Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон юм.
Станцыг 18 сарын хугацаанд барьж, шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна.