Ази Номхон далайн бүсийн сүүний салбарын анхдугаар бага хурал, Олон улсын тэмээний жилийн бүсийн арга хэмжээ боллоо

35

Ази Номхон далайн бүсийн сүүний салбарын анхдугаар бага хурал 2024 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Энэтхэг улсын Кочи хотод боллоо. Тус бага хуралд Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын сүүний салбарын хөгжлийн зөвлөлийн дарга Г.Энхбилэг, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар амжилттай оролцлоо. Бага хуралд Б.Батбаатар Ази тив нь дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 60 гаруй хувийг, харин сүүний үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг бүрдүүлж байгааг онцолж, Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний дотор Дэлхийн сарлагийн холбоо, Дэлхийн хос бөхт тэмээний холбоог Монгол Улсад байгуулах хамтын санаачилга, сарлаг, хос бөхт тэмээтэй орнууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, Дэлхийн сүүний өдрийг угтсан Азийн сүүний 7 хоног санаачилга, Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааны талаар, Г.Энхбилэг Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн төлөв, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд сүүний салбарт хэрэгжиж байгаа ажлууд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар тус бүр илтгэл тавьлаа. Олон улсын сүүний холбооны удирдлагатай хийсэн хоёр талын уулзалтаар Ингэний сүүний кодексийн олон улсын стандарт (CAC) боловсруулах ажлын хэсэгт Монгол улсаас төлөөлөл оруулж хамтран ажиллахаар тогтлоо.

Бага хурлын үеэр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Ази Номхон далайн Мал аж ахуй, мал эмнэлгийн комисс, Олон улсын тэмээний байгууллага, Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс хамтран Олон улсын тэмээний жилийн эвент арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар удирдаж, Ази Номхон далайн Мал аж ахуй, мал эмнэлгийн комиссын Нарийн бичгийн дарга Скот Ньюман, Олон улсын тэмээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Абдулрахман Алиэдан, Энэтхэг улсын Тэмээ судлалын төвийн захирал, доктор Артабандха Сахүү, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Ч.Жавзандулам, Хятад улсын Тэмээний холбооны дэд тэргүүн, доктор Хаши Суронг, Олон улсын тэмээний байгууллагын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Майкл Миллард, Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон уугуул иргэдийн мал аж ахуйн хөгжлийн лигийн  зохицуулагч, доктор Илсэ Коллер, Энэтхэгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Амул” компанийн Маркетинг, сурталчилгаа, төлөвлөлтийн нэгжийн захирал Мойтри Дутта, “Бахула натуралс”-ын үүсгэн байгуулагч, захирал Аакрити Сривастава нарын хүмүүс илтгэл, мэдээлэл хийлээ.

Хуралд оролцогчид байгаль экологид ээлтэй тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тэмээний соёл, уламжлалыг хадгалж хамгаалах, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ач холбогдол, хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжлийн боломж болон салбарт тулгамдаж байгаа нийтлэг асуудлын талаар хэлэлцлээ. Дэлхийд нийт 42 сая тэмээтэй, үүнээс 1 сая гаруй нь хос бөхт тэмээ байна. Тэмээний бэлчээр, эко орчныг хамгаалах, бүтээмжийг нэмэгдүүлэх, тэмээчдийн амьжиргааг дээшлүүлэх, салбарыг өртгийн сүлжээгээр хөгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, улс орнууд харилцан хамтран ажиллах, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор өлсгөлөнг арилгах, ядуурлыг бууруулах, жендерийн тогтвортой байдлыг хангахад тэмээний салбар чухал хувь нэмэр оруулах талаар онцолж байлаа. Ялангуяа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин, сүрьеэ, харшил, шарлалт, астма зэрэг суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой тул тэмээний аж ахуйг сүүний чиглэлд дэмжин хөгжүүлэх, цаашид тэмээний салбарт талууд хамтран ажиллах талаар ярилцлаа.  Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд дэвшүүлсэн Дэлхийн хос бөхт тэмээний холбоог Монгол Улсад байгуулах санаачилгыг Олон улсын тэмээний байгууллагатай хийсэн хоёр талын уулзалтаар дэмжиж хамтран ажиллахаар тогтлоо. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here