Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.06/ хуралдаж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор уг хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласан юм.
Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг өөрчлөхөөс гадна УИХ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтын өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан хугацааг Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмж тусах нь зүйтэй гэж үзсэн хэмээн танилцуулав.
Түүнчлэн УИХ-ын нэр бүхий эмэгтэй 20 гишүүдээс ирүүлсэн санал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны 1/1044 тоот албан бичгээр Хууль, зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн санал болон Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан төрийн санхүүжилтийг олгох асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхээр заасныг өөрчилж уг арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр тусгах саналыг ажлын хэсэг бэлтгэсэн хэмээлээ.
Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх саналыг танилцуулсан юм.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөн, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх, мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.