Улаанбаатар – Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын эвдрэлтэй хэсэг дээр ажиллаа

17

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр нар А0201 дугаартай Улаанбаатар – Мандалговь чиглэлийн 98,2 км, А0202 дугаартай Мандалговь – Даланзадгад чиглэлийн 154 км улсын чанартай авто замын засвар, арчлалтыг хариуцдаг Дундговь авто зам ХХК-ийн захирал Х.Баяртогтохтой уулзаж, авто замын эвдрэлтэй хэсэг дээр газар дээр нь ажиллав.

Замын эвдрэл ихээр үүссэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч, Дэлгэрцогт сумын хойд хэсэгт Замын цагдаагийн тасгаас хүн томилж ажиллуулахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбатад үүрэг болголоо.

Мөн замын эвдрэлтэй хэсгийг яаралтай засварлах, сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажлыг Дундговь авто зам ХХК-ийн захирал Х.Баяртогтоход үүрэг өгсөн юм. Тус компаниас эвдрэлтэй хэсгүүдэд нөхөөс хийх 24 тонн асфальтыг Улаанбаатар хотоос ачуулсан бөгөөд засварын ажлыг маргаашаас хийж эхлэхээр болжээ.

Замын эвдрэл их байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг аюулгүй байдлаа ханган, хурдаа тохируулж явах, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлэх зэрэг анхаарал болгоомжтой, хариуцлагатай зорчихыг уриаллаа.

Цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Цагдаагийн газраас Дундговь аймгийн хэмжээнд дөрвөн байршилд дундаж хурдны камерыг суурилуулж байгаа аж.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here