“БЭЛЧЭЭРИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2023 оны жилийн эцэст 64.7 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрч, бэлчээрийн ачааллыг 33%-иар нэмэгдүүлэн бэлчээр, тэжээлийн хүрэлцээ, усны хомсдол үүсэж байгаа нь бэлчээрийн газрын доройтол, цөлжилт эрчимжих, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурахад сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулснаар бэлчээр ашиглалтын эрх зүйн зохицуулалтад томоохон өөрчлөлт орсон. Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал, Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Ургамлын эрүүл мэнд ургамал хамгааллын тухай хууль шинэчлэн батлагдаж, Малчны тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиуд шинээр батлагдсан.
Иймд бэлчээрийн ашиглалтын бодлогод гарсан эрх зүйн орчны өөрчлөлт болон шинэчлэн батлагдсан урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар орон нутгийн мэргэжилтнүүдэд “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын бодлого, зохицуулалт” сэдэвт сургалт, семинарыг Уур амьсгалын ногоон сангаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөлтэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалт, семинарт 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны төлөөлөл, аймгийн отрын нөөц бэлчээр ашиглалтын захиргааны бүх мэргэжилтнүүд хамрагдлаа.