Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цэцэрлэг зэрэг сумдын иргэд сумынхаа талбай дээр жагсаал зохион байгуулж хууль бус уул уурхай, авто замын төсөл болоод тоглолтоор очсон урлагийнхныг эсэргүүцлээ.
Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг” ХХК Могойн голын нүүрсийг Эрдэнэт хүртэл тээвэрлэх зорилт тавин төмөр зам болон авто зам барихаар төлөвлөөд байгаа юм. Гэвч Хөвсгөлчүүд авто зам болон төмөр замыг аль алиныг нь бариулахгүй хэмээн эсэргүүцсээр байгаа юм.
Энэ удаад “Аспайр майнинг” ХХК авто замын төслийн нээлт хийж, урлагийн тоглолт зохион байгуулахаар Цэцэрлэг, Бүрэнтогтох сумдад очсон ч сумдын иргэд тус тусдаа жагсаал хийж, урлагийн тоглолтыг ч хийлгүүлэлгүй хөөн явуулжээ.
Хөвсгөлчүүд “ “Аспайр майнинг” ХХК соёл урлагийн арга хэмжээ, хэлэлцүүлэг хийх нэрээр иргэдийн мэдээллийг цуглуулж, хууль бусаар ашиглах гэж байсан” хэмээн хардаж байгаа юм.
Ер нь ч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Эрдэнэт хүртэл уул уурхайн авто зам болон төмөр зам тавигдаж уурхайнуудыг ашиглаж эхэлбэл ард иргэд малаа бэлчээх бэлчээр нутаг, ахуй амьдрал нь сүйрлийн ирмэг дээр ирнэ гэсэн айдастай байна. Тиймдээ ч тэд говийн аймгуудын адил хашигдсан бэлчээр, ухсан нүх, манарсан шорооны аюулыг хүсэхгүй байгаагаа хэлж учирласаар байгаа юм.
Хэрэв Цэцэрлэг суман дахь овоотын уурхайг ашиглавал Тэсийн голд сөрөг нөлөөтэй, Цагаан Уулын зэс молибдений уурхайг ашиглавал Мөрөнгийн гол улаан тоосоор эргэх аюултай, Фосфоритыг ашиглаад эхэлвэл Мөрөн хотын ард иргэд цаашлаад Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачина гэж үзэж байна.
Тиймдээ ч “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ иргэдтэйгээ хамтран тэмцлээ үргэлжүүлсээр байна.