УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Ухаа худаг”ийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн номд орсон нээлттэй мэдээлэлд тулгуурлаж хураангуйлбал ийм байна.
-1999-оноос Энержи ресурс Тавантолгойн ордын хайгуулын, 2007 оноос ашиглалтын лиценз эзэмшиж байж.
-2006 онд Ашигт малтмалын хуульд “Стратегийн орд” гэх ангилал орж ирж.
-2007 оны 27-р тогтоолоор УИХ-с Тавантолгой зэрэг хэдэн ордын төрийн хувь эзэмшлийг хуульд нийцүүлэх шийдлээ танилцуул хэмээн Засгийн газарт үүрэгдэж. УИХ дарга М.Энхболд, Ерөнхий сайд С.Баяр байж.
-2007 онд Засгийн газар 114-р захирамжаар ажлын хэсэг гаргаж.
-2008 оны 3 сарын 19-нд Ажлын хэсэг Энержитэй 9 удаа хэлэлцээр хийсний үр дүнд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах” талаар Энержи ресурстай гэрээ байгуулахыг сайд Х.Наранхүүд даалгаж.
-2008 оны 3 сарын 21-нд Ухаа худагийг Энержид үлдээгээд үлдсэн хэсгийг төрд авахаар тохирсон гэрээг Засгийн газар Энержи ресурстай байгуулж Х.Наранхүү сайд гарын үсэг зурж.
-2008-2025 онуудад түмэн юмс өрнөж, их мөнгө эргэлдэж, үйлдвэр барьж, зээлж, эргүүлэн төлж, хувьцаа зарж, бонд босгож.
–АНХ 2007 онд УИХ 27-р тогтоолоор “надад” танилцуул гэж үүрэг өгтөл Засгийн газар нь танилцуулахгүй “тэрүүгээрээ” шууд шийдээд гэрээ байгуулчихаж.
–ОДОО УИХ-ын 2007 оны 27-р тогтоол хүчинтэй хэвээр байна. Иймд Засгийн газар Ухаахудагтай холбоотой орооцолдсон гэрээг хуульд нийцүүлэх арга зам, шийдвэрийн төслөө УИХ-д танилцуулах үүрэгтэй гэсэн үг.
ГЭТЭЛ 2007 оноос хойш 2025 он хүртэл танилцуулаагүй явсаар л ирж. Угаасаа ажил аль хэдийнээ өрнөөд нөхцөл өөр болсон гээд орхисон бололтой. Тэр дундаа ЕС Л.Оюунэрдэнийн толгойлсон Засгийн газар өнгөрсөн 4 жил, Хамтарсан засгийн газар өнгөрсөн 10 сарын туршид шийдвэрээ гарган ирж УИХ-д танилцуулаагүй байна. Сая УИХ руу оруулж ирсэн тогтоолын төсөл нь 2007 оныхтой ижил “судалж, шийдэл танилцуул” гэсэн агуулгатай байсан тул дахиж хэлэлцэх үндэслэлгүй хүчинтэй тогтоолын хүрээнд “судлаад танилцуулаачдээ” хэмээн буцаасан гэж ойлгосон.
ИЙМД, Засгийн газар шийдвэрээ танилцуулах үүрэгтэй хэвээр байгаа болохоос биш битгий танилцуул гэж хэн ч боогдуулаагүй байна. Засгийн газар солигдлоо гэхэд энэ үүрэг дараагийн засагт ирнэ үү гэхээс биш УИХ-аас даалгасан тогтоол хүчинтэй хэвээр байж л байна, харин тогтоолын хэрэгжилтийг сануулж шахах нь УИХ-ын үүрэг.
Ингэж энэ номд бичсэн байгаа тул энэ хүрээнд дээрхийг хураангуйлав, гэжээ.
















