Нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.
Иргэн Б.Батсүрэн 60 нас хүртлээ үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарсан учир тусдаа гарахын тулд мөнгө олох зорилгоор 2019 онд Солонгос улсад очиж ажил хийж эхэлсэн байдаг. Гэтэл хүүхдүүд нь 2023 онд хямд үнэтэй байр олсон тул ээжийгээ солонгосоо хаяад эх орондоо ирж сайхан амьдрахыг хүссэн байдаг. Ингээд энэхүү аймшигт луйврын гол дүр болсон, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал агсантай хүмүүсээр дамжуулж холбогдож 120 сая төгрөгөө өгсөн байдаг.

Өөрийн гэсэн амьдрах байртай боллоо гэж баярлан, эх орондоо ирсэн 2023 оноос хойш өнөөг хүртэл Б.Батсүрэн нэг ч төгрөгөө буцааж авч чадаагүй бөгөөд энэ хугацаанд нэг удаа байранд оруулсан ч хэсэг хугацааны дараа жинхэнэ эзэн гэх хүн гарч ирснээр хөөгдөж гарчээ.
Ингээд байр ч үгүй, мөнгө ч үгүй түүний хувьд ХЗДХЯ-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал гэгчид өгсөн мөнгөө нэхэж явсаар өнгөрсөн намар Ш.Энхжаргал гэгч нь нас барсан гэх мэдээг авсан байна.
Яг түүн шиг хэдэн зуун иргэн залилуулж, мөнгө ч үгүй, байр ч үгүй үлджээ. Тэдний дунд бөөрний дутагдалтай, гемодиализын аппаратанд ордог залуу ч орон гэргүй болж, зарим байраа хүлээж байсан ахмадууд нас баржээ.
Ш.Энхжаргал агсан иргэдийг НОСК-ын хөнгөлөлттэй байранд оруулж өгнө гэхдээ “Би ХЗДХ-ны мэргэжилтэн гэдгээ итгэл үзүүлэх бамбай болгон, ХЗДХЯ-д НОСК-ын байрны зарим квот байдаг. Би түүнийг нь мэддэг, хянадаг хүн” гэж итгүүлэн, ажил дээрээ авчирч, иргэдээс мөнгийг нь авдаг байсан тухай хохирогчид хэлж байгаа юм. Мэдээж тэр үүнийг ганцаараа хийдэггүй.
Түүний мөнгийг Мягмарцэрэн, Эрдэнэсувд, Ганчимэг гэх мэт хүмүүсээр дамжуулж авдаг бөгөөд өөрөө цааш нь Хөгжлийн банкинд том албан тушаалтай П.Амартүвшин гэх хүн ард нь бий хэмээн хэлдэг байж…
Хамгийн ноцтой нь П.Амартүвшин гэх хүн нь Женко Х.Баттулгын хамаарал бүхий хүн гэдэг бөгөөд Женко буюу УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Намууны данс руу мөнгөө шилжүүлдэг байсан талаар хохиоргчид хэлж байгаа юм.

Мөн энэ луйварт НОСК-ынхан тэр дундаа НОСК-ын захирал М.Говьсайхан холбоотой байх магадлалтай гэж хохирогчид хардаж байна.
Учир нь иргэдийн мөнгийг авч, байранд оруулж өгнө хэмээх луйврыг голлон зохион байгуулдаг байсан Ш.Энхжаргал агсан өөрийгөө М.Говьсайхантай холбоотой. Тэр энэ бүхнийг зохицуулж байгаа гэж хэлэхээс гадна, утсаар ярьж, мессеж бичиж байснаа ч хохирогчдэд үзүүлдэг байж…

Уг асуудлаар нь бид НОСК-ын Хуулий хэлтсийн дарга П.Гэрэлт-Очироос тодруулсан бөгөөд түүнийхээр НОСК уг асуудалд ямар ч холбоогүй гэх тайлбар өгсөн юм.
Түүний хэлж байгаагаар Буянт-Ухаа-2 хороололын тал нь НОСК-ынх, тал нь ТОСК-ын мэдлийнх бөгөөд ихэнх байр нь түрээслээд, өмчлөөд дууссан учир хэн нэгнийг луйвардах нөхцөл байхгүй гэж үзэж байгаа юм. Харин луйвар гарах нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийх боломжгүй аж.

Бас нэгэн ноцтой асуудал бий нь УБЕГ-ын тамга, тэмдэгтэй үл хөдлөхийн гэрчилгээг маш олон иргэдэд гаргаж өгсөн байдаг. Харин үүнийг УБЕГ-т ажилладаг хэн нэгэнтэй хамтарч хийдэг үү гэх асуулт гарна. Үүнд УБЕГ-аас ямар нэгэн тайлбар, мэдээлэл өнөөг хүртэл өгөөгүй байна.


Мөн Хөгжлийн банкны тамга, тэмдэгтэй албан ёсны бланк дээрх бичиг үзүүлдэг бөгөөд уг албан бичигт “Хөгжлийн банкны зээлээс чөлөөлсөн байр учир, хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулж болно” гэх утгатай байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкны Хуулийн мэргэжилтэн Оргил гэдэг хүн мэддэг гэж ярьдаг байжээ.

Бид уг асуудлаар нь Хөгжлийн банкнаас тодруулахад өмнө нь мэдэгдэл гаргаж байсан уичр энэ удаад тайлбар өгөх боломжгүй гэлээ. Хуулийн мэргэжилтэн Оргил гэдэг хүн нь харин ажлаас гарсан байна.
Улмаар Ш.Энхжаргалан агсан өөрийн нөхөр, Монгол Улсын харцага Н.Батзаяагийн данс руу маш олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байдаг.

Эндээс түүний хамсаатан нь нөхөр нь байсан уу гэх хардлага ч төрнө.
Өөрөөр хэлбэл, Буянт Ухаа, Шинэ Яармаг, Tuul One гэсэн байрнуудын цаана тэрхүү залилагч нар одоо ч байсаар байгаа гэсэн үг.
Харин цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа ч одоогоор хичнээн албан тушаалтныг, хичнээн төрийн байгууллагыг шалгаж байгаа нь тодорхойгүй байна гэх тайлбарыг өгч байна…














