
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл өгөв.
Тэрээр
“Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.
Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна” хэмээн мэдэгдлээ.
















