БНХАУ-д болсон чөлөөлөх дайны ялалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Чон Ун нар нэг машинд суун явж, албан ёсны хэлэлцээ хийсэн. Ингэхдээ Москва, Пхеньяны цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг хоёр удирдагч сайшаасан, ярилцсан байна.
Мөн В.Путин Оросын хилийн Курск муж дахь Украины дайралтыг няцаахад Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан Хойд Солонгосын цэргүүдийн эр зориг, баатарлаг байдлыг өндрөөр үнэлсэн байна.
Харин үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “ОХУ, Хятад, Хойд Солонгосын удирдагчид АНУ-ын эсрэг хуйвалдаан зохион байгуулж байна” хэмээн жиргэсэн юм.
Тэгвэл түүний мэдэгдлийг Кремлийн алба хаагч няцааж, “Хэн ч ийм хуйвалдаан хийх бодол тээгээгүй” гэж мэдэгджээ.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трампын тайлбарыг шоолж, “Трамп хошин шогийн мэдрэмжгүй гэдгийг бүгд мэднэ” гэж хэлсэн байна.
Олон мянган цэрэг, хүнд зэвсгийг харуулсан уг арга хэмжээнд дэлхийн олон арван удирдагч оролцсон ч барууны орнуудаас бараг нэг нь ч байгаагүй бөгөөд энэ үйл явдал зарим талаараа дэлхий нийтэд тодорхой мессеж өгсөн гэж хэвлэлүүд дүгнэж байна.

В.Путин, Ким Чон Ун нарын уулзалтын үеэр Ким, “Хэрэв та болон Оросын ард түмний төлөө миний хийж чадах ямар нэг зүйл байвал би үүнийг ах дүүгийн үүрэг, бидний үүрэх ёстой үүрэг гэж үзэж, туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гэжээ.
В.Путин, Ким Чон Ун нарын уулзалтын үеэр Ким, “Хэрэв та болон Оросын ард түмний төлөө миний хийж чадах ямар нэг зүйл байвал би үүнийг ах дүүгийн үүрэг, бидний үүрэх ёстой үүрэг гэж үзэж, туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гэжээ.

Өнгөрсөн жилээс хойш Умард Солонгос Орос руу 15 мянга орчим цэрэг илгээж, их буу, KN-23 баллистик пуужин зэрэг томоохон хэмжээний цэргийн хангамж илгээсэн гэж Өмнөд Солонгосын албаныхан тооцоолжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Пхеньян хариуд нь Оросын цэргийн дэвшилтэт технологи, тэр дундаа пуужингийн хөтөлбөрөө улам сайжруулах боломжтой хиймэл дагуулын удирдамжийн системийг хүлээн авч байгаа аж.

Путин 2024 оны долдугаар сард Пёньянд 24 жилийн дараа анх удаа айлчилж, Кимтэй “Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” гэрээнд гарын үсэг зурснаар хориг арга хэмжээ авсан хоёр улсын хүйтэн дайны үеийн харилцааг сэргээсэн юм. Ким өмнө нь Путинтэй гурван удаа уулзаж байсан. Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард Украин дахь Оросын дайныг дэмжихээр цэргээ байршуулснаа баталж, цэргүүд нь тулалдаанд амь үрэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Media source: Aljazeera.com
















