Ж.Баярмаа: Энэ удаагийн төсвийг шүүмжилж байгаа өмнөх Засийн газрын гишүүн аснуудын яриаг сонсоод миний чихнээс цус гарах гэж байна

251
МАН-ын даргын төлөөх “зодоон” улсын төсөв рүү орж нэг хэсэг нь төсвөө гацаах гэж оролдож, нөгөө хэсэг нь хамгаалах гэж оролдож байна.
Уг асуудлаар бид сөрөг хүчний намын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Шулуухан хэлэхэд МАН-ын зодоон төсөв дээр ил тод харагдаж байна. Ардын нам өөрсдийгөө улс төрийн ууган нам гэж ярьдаг. Харамсалтай нь өнөөдрийн нам доторх процессыг нь чуулганы танхимаас харж болохоор байна.
Ноднин 35 их наядын дүнтэй, асар том алдагдалтай төсөв орж ирсэн. Гэтэл өнөөдрийн 1,3 их наядын алдагдлыг пээ пүү, ийм зүйл байж болох юм уу гэх зэргээр үг болгон дээр үг тавьж, асуулт болгон дээр асуулт тавьж байгаа өмнө засгийн газрын сайд аснууд байна. Би тэднийг сонсоод үнэндээ чихнээс цус гарах гэж байна. 
Жилийн өмнө тэд эсэргээр “төсөв алдагдалтай байж эдийн засаг тэлнэ, алдагдал бол эдийн засгийн өсөлт” гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр 180 градус эргээд 1,3 их наядын алдагдалтай төсөв баталсан улс дампуурлаа гээд яриад сууж байгааг би гайхаж байна.
Үнэн гэдэг уг нь ганц л байдаг. Үнэн, зарчим нэг л байдаг. Түүнээс биш өнөөдөр Засгийн газарт байхаараа зарчим нь нэг үйлчлээд, засгаас гарахаараа өөр болдог байж болохгүй. Тоо худлаа хэлэхгүй. Тухайн үеийн төсвийн алдагдал хэд байв, өнөөдрийн алдагдал хэд байна гэдгийг харах хэрэгтэй. 
Мэдээж энэ жилийн төсөвт шүүмжлэлтэй хандах зүйл бий. Гэхдээ дэвшилтэт зүйл ч байна. Сүүлийн 4,5 жилийн төсөв 3-4 их наядаар нэг удаа бүр 8 их наядаар нэмэгдэж орж ирж байсан.
Түүнтэй харьцуулахад энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл дотроо орж ирсэн. Нөхцөл байдал асар хүнд байна. Гадаад дотоодын эдийн засаг, геополитик хүнд байгааг ойлгоод, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийжээ гэж би харж байна.
Өөр нэг дэвшилтэт алхам нь олон нийтээр хэлэлцүүлсэн. Мөн бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ маш тодорхойгүй байсан. Үүний цаана ямар ажил байгааг мэддэггүй байсан. Үүнийг тодорхой болгоод, хамвсралт болгоод оруулж ирсэн нь сайн. 
Төсөвт алдагдал байх эсэх нь тусдаа асуудал. Харин алдагдлыг ашиг болгож чадах эсэх нь л чухал.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here