ШӨХТГ-аас зөрчил гаргасан хэвлэл мэдээлэлд хариуцлага тооцож эхэлжээ

899

ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш (2020.01.01-нээс 2020.04.15-ыг хүртэл) дараах зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авчээ.

  1. ТВ 4 телевиз “Таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр Улсын Их Хурлын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан байна. Үүнийг сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа гэж үзэн телевизийн үйл ажиллагааг болон цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд  хүргүүлжээ.

  1. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Баянхонгор аймаг”, “Сонгууль Баянхонгор”, “Сонгууль Баянхонгорт” гэх нэртэй фэйсбүүк хаягуудад эдгээр хүмүүс нэр дэвших магадлалтай байна та хэнийг нь дэмжих вэ” гэсэн санал асуулга явуулсан үйлдэлд сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа гэж үзэн мөн цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
  2. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Хөвсгөлчүүд” гэх нэртэй фэйсбүүк хаягт “та хэнийг сонгох вэ” гэсэн санал асуулга явуулсан үйлдэлд мөн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтаар  цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.
  3. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Гэр хорооллынхон” гэх нэртэй фэйсбүүк хаягт  “Зовлоготой золиос, сонгож болохгүй” гэсэн улс төрийн чансаа тогтоох бүхий үйлдэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа тул цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд  хүргүүлсэн.
  4. “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фейсбүүк хуудаснаа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хийж энэхүү бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийсэн нь  сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн шинжтэй байсан тул харьяалалын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 7 -ны өдрийн 05 дугаар тогтоолоор шилжүүлсэн.
  5. Улсын байцаагчид 2020 оны 4 дүгээр сарын 13-15-ны өдрүүдийн хяналт, мониторингоор Монгол үндэсний олон нийтийн телевизийн “Шинэ тооллын 100” гэх нэртэй хөрөг нэвтрүүлэг нь  сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад улс төрийн шинж бүхий агуулгатай байгаа тул Харилцаа холбооны зохицуулах хороонд харьяалалын дагуу хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

хариулах

Please enter your comment!
Please enter your name here