АН-ын гишүүд: Улсын нууц гэдэг нэрээр хулгайгаа нууж байгааг өөрчлөх ёстой

235

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, төрсөн ах Б.Баатартайгаа хамтран эзэмшдэг “Херо энтертайнмент” компанийнхаа “Монгол Хан” жүжгийг Лондонд тоглуулах нэрийдлээр Английн Atticus Partners гэх компанитай хамтран ажиллаж, Эрдэнэс Оюутолгой компаниас 7 тэрбум төгрөг шилжүүлсэн баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэж тувьсан юм. Ингэхдээ тус сурталчилгааны төлбөрийг нууцад авч, Соёлын сайд асан Ч.Номин ч байнга “Монгол Хан” жүжигт төсвөөс мөнгө огт зарцуулаагүй гэх тайлбарыг өгсөөр ирсэн юм.

Харин ингэж хувь гишүүн, өөрийнхөө хувийн компанийн зар сурталчилгаанд төсвөөс болон төрийн өмчит компаниас мөнгө зарцуулж, түүнийгээ нууцад авч байгаа нь хэр зохистой асуудал вэ гэдэгт бид УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: 

-Ний нуугүй хэлэхэд манай УИХ-ын гишүүд гадаадад гоё гоё нэртэй компани байгуулаад, хууль бус зүйл хийсэн тохиолдол бий. Энэ асуудал тийм байх вий. Хэрэв тийм бол бүр том асуудал үүсэх ёстой. Тиймээс төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх ёстой.

Төрийн нууц бол байх ёстой. харин албаны нууц гэж юу байх вэ дээ. 10-аад жилийн өмнө нэг гишүүн санаачлаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулаад “Албаны нууц” гэдэг зүйл оруулж ирсэн. Ингээд төрийн өмчит компани, Засгийн газрын тогтоолуудыг нууцад авч, хулгай хийдэг болсон. Тиймээс энэ хуулийг өөрчлөх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: 

-Уг нь энэ зар сурталчилгааны асуудлууд худалдах, худалдан авах гэрээгээр л явах ётсой шүү дээ. Гэтэл ажлыг түргэн шуурхай явуулах нэрээр баахан нууцлалд авч байгаад хулгай хийдэг болсон. Энэ бол үнэн. Эрдэнэс Оюутолгойгоос мөнгө аваад, нууцалсан гэдэг зүйл яригдаж л байгаа бол энэ ортой.

УИХ-ын гишүүн О.Очирбат: 

-Төрийн болон албаны нууц гээд оруулчихсан. Тэгээд “албаны нууц” гэдэг нэрийн дор Төрийн өмчит компаниудын баахан гэрээ, худалдан авалтыг оруулчихдаг.

Идэж, уусан зүйлсээ нууц руу оруулчихаад байдаг. Үүнийг задлах ёстой. Тэр хуульд өөрчлөлт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Уг нь улсын нууцад авдаг цөөхөн хэд зүйл байх ёстой. Аж ахуйн гэрээ, нүүрсний үнэ мэтийг улсын нууцад аваад байх шаардлагагүй шүү дээ. Ганцхан ард түмнээсээ нууцлаад байна шүү дээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here